Дистрибьютеруудад хамаарах оюуны өмчийн асуудал

Дистрибьютеруудад хамаарах оюуны өмчийн асуудал

Олон улсын зах зээл дэх ширүүн өрсөлдөөн дунд “хэлмэгдэж” орхисон монголын дистрибьютер компанийн жишээнээс цухас дурдъя. Үүнийг импортлогч хэн бүхэн анхаарах хэрэгтэй.

Өргөн хэрэглээний ч бай, зорилтот зах зээлийн ч бай олон улсад танигдсан бүтээгдэхүүний гол ялгагдах зүйл бол Trademark буюу барааны тэмдэг байдаг. Өөрөөр хэлбэл бид бүтээгдэхүүнийг зөвхөн лого, брэнд нэрээр ялгаж сонголтоо хийдэг шүү дээ.

Харин бидний сонголтод нөлөөлөхийн тулд тэрхүү үйлдвэрлэгчид маш олон аргаар өрсөлддөг ажээ. Саяхан манай харилцагч дистрибьютер байгууллага олон улсын зах зээлд өрсөлддөг хоёр том компанийн дунд хэлмэгдэж орхисон юм.

ОХУ-ын “А” компани, Чехийн “М” компани хоёул ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр нь өргөн хэрэглээний бараа тул монголын дистрибьютер компаниуд маш олноор импортлон оруулж ирдэг. Хоёр өрсөлдөгчийн бүтээгдэхүүний брэнд нэр, лого хоорондоо бараг л ижилхэн. ОХУ-ын “А” компани барааны тэмдгээ Монгол улсад бүртгүүлсэн, харин Чехийн “М” компани бүртгүүлээгүй байв.

Өрсөлдөгчийнхөө барааны тэмдгийг Монгол улсад бүртгэлгүй гэдгийг ОХУ-ын “А” компани мэдсэн тул Монголын Оюуны өмчийн газарт болон бусад арга хэмжээ авч болох бүхий л байгууллагад хандсан байна. Ингэхдээ ОХУ-ын “А” компанийн барааны тэмдгийг дуурайлган, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж, хуурамч бүтээгдэхүүн борлуулсан гэх үндэслэлээр Чех улсаас импортлон оруулж ирдэг монголын дистрибьютер компанийн борлуулж буй бараа, бүтээгдэхүүнийг хураахад хүрсэн юм. Ингэж л томоохон өрсөлдөгчдийн дунд манай харилцагч хэлмэгдсэн юм даа.

Энэхүү тохиолдлоор аливаа оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ижил, төстэй бүтээгдэхүүн импортлох нь эргээд эрсдэлтэй бизнес болохыг харуулж байна.

Иймээс зөвхөн үйлдвэрлэгч бус импортлогч та ч гэсэн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ оюуны өмчийн зөрчилтэй эсэх (дор хаяж барааны тэмдэг), цаашлаад Монгол улсад бүртгүүлж хамгаалсан эсэхэд анхаараарай.