
Мандуулын подкастыг шимтэн сонирхогчийн хувьд дугаар болгоныг нь цаг алдалгүй сонсдог. Харин сүүлийн “Хотжилт ба Алкохол” нэртэй дугаарт “манай” сэдэв тууж явна шүү.
Энэхүү дугаарын 19:35 минутаас “сэдэв” эхэлнээ. Агуулга маш ойлгомжтой сонирхолтойгоор яригдсан тул эхлээд подкастыг сонсчихоод дараа нь үүнийг уншаарай.
Энд “булгийн эхийг хамгаалах” тухай хууль огт байхгүй талаар ярьсныг ЗАЛРУУЛЪЯ
1997 онд Монгол улс Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдаанд хамаарах оюуны өмчийн хэлэлцээрийг соёрхон баталсан. Улс орнуудын хувьд уг хэлэлцээрт нэгдэснээрээ анх удаа “газар зүйн заалт”-ын тухай ойлголтыг нутагшуулах даалгавар авав. Улмаар одоогийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар өнөө “булгийн эхийг хамгаалах” буюу газар зүйн заалтыг тодорхойлж, зохицуулсан байдаг.
“газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлнэ
Өөрөөр хэлбэл хаанаас гарал үүсэлтэй нь тодорхой, өөрийн гэсэн чанар стандарттай, олон жилийн турш нэр хүндээ хадгалсныг гэрчлэх тэмдэгтэй брэнд бүтээгдэхүүнийг хэлж байна. Жишээ нь манай Сайханы айраг, Шаамарын зөгийн бал, гадаадын Шампань дарс, Коньяк зэрэг юм. Эдгээр нь бүгд Монгол улсад бүртгэлтэй байдаг (хайлтын сангаас “газар зүйн заалт” гэж бичээд хайвал 40 гаран хүчинтэй газар зүйн заалтын бүртгэл гарч ирнэ ).
Миний санахын 2015 онд ОХУ-аас орж ирдэг байсан “шампанск”-ийг Францын Шампань дарсны нийгэмлэг худалдаанаас бүрмөсөн гаргаж, өөрийн “Шампань” нэртэй газар зүйн заалтыг Монгол Улсын Оюуны Өмчийн Газарт ёслол төгөлдөр бүртгүүлж, үүнийгээ олон нийтэд таниулах зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан.
Эндээс юу харж болох вэ гэвэл,
Газар зүйн заалтын хэрэглэгч (жишээ нь Шампань дарсны нийгэмлэг) өөрөө Монгол дах гадаад худалдаа, оюуны өмчөөр мэргэшсэн хуульч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хуурамч бараа бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоох арга хэмжээ авч, улмаар төрийн холбогдох байгууллагуудад гомдол мэдээлэл гаргаж ажилласан гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсад “Шампань” газар зүйн заалтыг юун түрүүнд бүртгүүлж хамгаалсан байна.
Биднийг бага байхад Оросоос асар их шампанск орж ирдэг, манай зах зээлд бүр танигдчихсан байсан шүү дээ. Тэр бүгдийг зогсооход маш их зардал, цаг хугацаа орсон байж таарна.
Тэгвэл манай дотоодын газар зүйн заалт хэрэглэгчид “Шампань дарсны нийгэмлэг” шиг ажиллах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нийслэлд зарагдаж байгаа айраг болгон Булганаас ирсэн Сайханы айраг болчихсон, хуурамч, оригийг нь таньж ялгаж мэдэхгүй байна бид.
Яагаад вэ?
– Олон нийтийн оюуны өмчийн тэр дундаа газар зүйн заалтын мэдлэг мэдээлэл дутмаг
– Газар зүйн заалтыг хөгжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийг хийх бүтэц байхгүй
– Бэлтгэгдсэн, мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин байхгүй
– Хэдий эрхийн хамгаалалттай ч гэлээ эрхээ хэрэгжүүлэхээ мэдэхгүй. Эрхийн хэрэгжилтийг газар зүйн заалт хэрэглэгчдэд даатгаж үлдээх нь хангалтгүй буюу хөдөө орон нутгийн иргэд, үйлдвэрлэгчид, холбоод дангаараа хариуцах боломжгүй (яг энэ чиглэлээр ажиллахад нь туслах, удирдлагаар хангах төрийн аль нэг бүтэц байх хэрэгтэй)
– Үүнээс гадна өөр газар зүйн заалттай байж болох байгал цаг уураас хамааралтай, өв соёлын ба түүхэн онцлогтой бүтээгдэхүүн зөндөө бий. Гэвч тэдгээрийг борлуулахаа больчихсон, үйлдвэрлэх арга техникээ өвлөн авч үлдээгүй, байгал цаг уур нь өөрчлөгдсөн гэх мэтээр устаж үгүй болж эзэнгүйдчихсэн бүтээгдэхүүн их байна
– “Niche market” буюу маш цөөн тоогоор гардаг онцлог бүтээгдэхүүний талаар ярьж байгаа учраас үүнийг сонирхож хөгжүүлэх байгууллага, хүн цөөн … гэх мэт асуудал их байна даа.
Тиймээс олон хүн сонсдог подкастад газар зүйн заалтын талаар ярьж, хүмүүс энэ ойлголтыг мэдэж авч байгаад талархаж байнаа. Энэ дундаас дээрх асуудлуудын ганц нэгээс нь бариад авах хүн байх ч юм билүү …