Өмнөх постоор Letter of Consent-ийн талаар бичсэн билээ. Тэгвэл энэ удаа түүний эрсдлийн талаар дурдъя. WIPO Summer School-ийн хичээлийн агуулгад ECUPL сургуулийн профессор Wang Yangfang маш чухал асуудлыг ийн анхааруулсан юм.

БНХАУ-ын Оюуны өмчийн газар хоёр гуравхан жилийн өмнөөс Letter of Consent-ийг хүлээж авах болсноо зарлаж байв. Харин түүнийг БНХАУ-ын Оюуны өмчийн газар болон Оюуны өмчийн дагнасан шүүх бүртгэхээс татгалзсан шийдвэрүүд гаргах болов оо. Эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр ижил төсөөтэй бизнес эрхлэх, түүнийгээ оюуны өмчөөр хамгаалах нөхцөл үүсч байгааг ЯАГААД татгалзаад байна вэ?
Гол учир ямар бизнес эрхэлж байгаагаас шалтгаалан олон нийтийн эрх ашиг зөрчигдөх, цаашлаад хэрэглэгчийн эрүүл мэнд, амь насанд хэр аюултай вэ гэдгээс хамаарна.
Жишээ нь:
А компанийн “land” брэндийн гэдэсний эм байлаа гэж бодъё.
Б компани А-аас зөвшөөрөл авч ‘oland’ брэндийн зүрхний эм үйлдвэрлэн борлуулж эхлэвэл ямар аюултайг гадарлаж байна уу? Хүмүүс гэдэсний эмийг зүрхний эмтэй андуурах нь аюул шүү дээ.
Тэгэхээр бизнес эрхлэгчид, цаашлаад манай салбарынхан ч тэр энэхүү эрсдлийг тооцож ажиллах нь чухал юм.
Манайд бол Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.7.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэх заалтыг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалздагийн учир энэ.
Нөгөө талаар,
БНХАУ-ын Оюуны өмчийн газар болон Оюуны өмчийн дагнасан шүүх уг эрх эзэмшигчээс авсан зөвшөөрлийг ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР хүлээж авахаас татгалзсанаа нотлох үүрэгтэй болж таарч байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашгийг зөрчих эрсдэлтэйг төрийн байгууллага нь хэрхэн нотлох асуудал, түүнийг хэрхэн зохицуулах нь тодорхойгүйн улмаас энэхүү сэдэв урд хөршид ид маргааныг дагуулж байгаа гэнэ. Бид ч тэр энэ асуудлыг журам юмандаа хэрхэн тусгах талаар бодож үзэх хэрэгтэй шиг санагдсан.
Letter of consent-ийн оновчтой орчуулгыг мэдэх бол хуваалцаарай.