
Сүүлийн жилүүдэд оюуны өмчийн салбарт “судалгаа, хөгжүүлэлт”, “технологи дамжуулалт”, “оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах” зэрэг сэдвүүд их trend болж байна.
Би ч тэр 2022 оноос МУ болон БНСУ-ын ОӨГ-аас зохион байгуулсан сургалтуудад хамрагдаж, энэ талаар сонирхож эхэлсэн юм. Улмаар шинжлэх ухааны байгууллагуудтай ч холбоо харилцаа тогтоох боломж гарч, мөн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Технологи, инновацийг дэмжих хөтөлбөрийг (TISC) олж мэдлээ. Ингээд TISC-д элсэв.
TISC сүлжээгээр зарласан БНСУ-ын дэмжлэгтэй “Судалгаа хөгжүүлэлт ба оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь” нэртэй гурван жилийн төсөлд чацарганы тосны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын жимс, жимсгэний холбоотой хамтран материалаа бүрдүүлж явуулаад шалгарчихсан сэтгэл догдлоод бичиж сууна. Энэ төсөл бол шууд утгаараа борлуулалтыг нэмэгдүүлэх бус, харин Монголын экспортын нэг төлөөлөл болсон энэ бүтээгдэхүүний чанарыг тодорхойлж баталгаажуулахаас гадна нэр хүндийг (брэндинг) нэмэгдүүлэх тал дээр судалгаа, хөгжүүлэлт хийх зорилготой төсөл юм.
Энэ долоо хоногт төслийн багтайгаа, ирэх долоо хоногт БНСУ талаас ирэх төлөөллүүдтэй уулзалтууд хийнэ.
Одоогоор төслийн зорилго, цар хүрээнд өөрчлөлт орж магадгүй байдалтай байгаа учраас дээр дурдсан зорилгоо хэвээр авч үлдэх тал дээр санаа зовоостой бичиж байна даа.
Энэ төслөөс туршлага хуримтлуулаад авбал, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн хөгжүүлэлт бүхий төслүүд хэрэгжүүлэх тун их сонирхолтой байна. Энэ бол уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр миний зүгээс мөн оюуны өмчийн салбараас оруулж буй өчүүхэн хувь нэмэр билээ.
Ажил дөнгөж эхэлж байна 🤩