ip_calendar November 2025

ip_calendar November 2025

11 дүгээр сарын эхний долоо хоногт дуу хөгжмийн салбарынханд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар MOSCAP зарлажээ.

Дуу хөгжмийн салбарынханд зориулсан WIPO Менторшип хөтөлбөрийн хүрээнд зөвлөх Сатоши Ватанабэ 11 дүгээр сарын 1 өдрийн 14 цагт цахим сургалт хийх нь.

Сургалт болохоос өмнө IPI, ISWC, бүтээлийн метадата гэж юу болохыг тодруулъя.

IPI – Interested party information

Хөгжмийн бүтээлийн зохиогч, хөгжмийн зохиолч, publisher зэрэг зохиогчийн эрх эзэмшигчдэд олгодог дугаар, өөрөөр хэлбэл “зохиогчийн хувийн дугаар”.

Ямар зорилготой вэ?
CISAC, MOSCAP зэрэг зохиогчийн эрхийн байгууллагууд уран бүтээлчийг ялган таньж, бүтээл ашиглагдсанаас цуглуулсан орлогын хувь хэмжээг хуваарилах зорилготой.


ISWC – International Standard Musical Work Code

Тоо, үсэгнээс бүрдэх 11 тэмдэгт бүхий “хөгжмийн бүтээлийн олон улсын бүртгэлийн дугаар”.

Ямар зорилготой вэ?
Эрх эзэмшигч, хамтран зохиогчдын туурвисан бүтээл хаана тоглогдож, ашиглагдаж байгааг ялгах, түүнээс олсон орлогыг зүй ёсоор хуваарилах зорилготой.

Хаанаас авах вэ?
Монгол Улсад MOSCAP хамтын удирдлагын байгууллагаас олгоно.


Metadata
нь бүтээлийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаана. Үүнд:

  • Дууны нэр
  • Зохиогч, хамтран зохиогчид
  • Яруу найрагч
  • ISWC дугаар
  • Бүтээлийг өөрчилсөн хувилбарууд
  • Эрх эзэмшигчдийн хувь хэмжээ (жишээ нь үг 50%, хөгжим 50% г.м.)
  • Publisher-ийн нэр

Ямар зорилготой вэ?
Хэн ямар хувь эзэмшдэгийг тодорхойлж, роялти орлогыг хуваарилах зорилготой.

11 дүгээр сарын 5-ны 14 цагт Лхам Галерейд MOSCAP хамтын удирдлагын байгууллагын сургалт, хэлэлцүүлэг болох нь.

9 дүгээр сард олон нийтээс санал авч байсан “Хөгжмийн бүтээл ашигласны төлбөрийн тариф”-ын төслийг танилцуулна гэж тааж байна. Ашиг олох зорилгоор бизнесийн орчинд дуу хөгжим тоглуулж буй худалдаа, үйлчилгээний газар, ресторан, кафе, кофе шоп, соёл урлагийн үзвэр үйлчилгээ болон цэнгээний үйл ажиллагаа эрхлэгч, дамжуулалтын суваг (IPTV, FM радио, streaming platform), караоке эрхлэгч, хүлээн авалт, тоглолт, шоу арга хэмжээ зохион байгуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд илүү хамаатай байх юм.

Эх сурвалж: MOSCAP